Сайн байцгаана уу , блогч андуудаа. Сар шинэдээ сайхан шинэлцгээв үү? Шинийн найманы энэ билэгт сайн өдөр та бүхэндээ бичлэгээ хүргэж сууна. Банжиг блогоор хэсэж бусдын бичлэг сэтгэгдэлийг уншиж сэтгэл оюуны гүн таашаалтай байдгаа хэлэхэд таатай байна. Өнгөрсөн хугацаанд өөрт тохиолдсон үйл явдалуудаас тоймлон тайлгнасугай. Таалал орших эсэхийг би таашгүй...

Монгол хүн байна даа ширээгээ зассаан. Ул боовны оронд мушгиа боов хийж таваг заслаа. Харин бууз нь жигнүүр дээрээ минут нь болоогүй байхад нь зураг авсан юм шүү.
Дээлтэй Монгол хөдөлгөөнийг сэтгэл зүрхээрээ дэмжиж зөв зүйтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр дээлтэй өдөр гээд монголд байгаа гэрийнхэн маань их идэвхитэй байгаа. Нөхөр хүүтэйгээ гандан хийдээр очиж ном уншуулж явна гэнэ.2 дүү эгч 3 ажилдаа дээлтэй явсан гэнэ.Охин маань нагац эгчтэйгээ дээл өмсөөд Өргөө кино театрт 1000 төгрөгөөр кино үзэж байгаа гэнэ.Харин энд суугаа би л онц гавъяагүйхэн сууж байна даа.Сар шинээр хүний нутаг гүний хошуунд нутгийн зүг сэтгэл алдууран гэгэлзэнхэн өнгөрүүллээ. Энд байгаа Монголчууд маань хүний нутагт золгодоггүй хэмээн гар барин мэндчилэх юм. Этгээд боловч бас л сонирхолтой л юм.

Миний амьдарч буй хотод шинийн нэгэн буюу 02 сарын 14 нд УГЖ дуучин Эрдэнэбат , Чингис хаан хамтлагийн ахлагч УГЖ буржгар хэмээн олноо алдаршсан дуучин Жаргалсайхан нар айлчлан ирж 2 цаг 30 минутын тоглолт хийж нутаг нэгтнүүдийнхээ сонорыг мялааж сэтгэлийг тэнийлгэлээ.Нутгийн ах нар сэтгэлийн утас хөндөж шинийн нэгний билэгт сайн өдөр аялгүү дуугаараа мэндийн цэнхэр хадаг барин сэтгэл нэн өөдрөг сайхан он гарлаа. Солонгост байгаа Монголчууд маань маш их бэлэгшээн хөгжилдсөн бөлгөө.


Дашням Балжинням давхацсан золтой сайхан баяр болсоон хөө. Маргааш нь буюу 02 сарын 15 нд зохиолын дуучидын гол төлөөлөгч УГЖ Жавхлангийн тоглолтыг үзэж сэтгэл оюунаа цэнгүүллээ.УГЖ Жавхлан маань монгол зан заншил , өв уламжлалаа гэсэн чинхүү санааг өвөрлөн яваагаа тоглолтын явцад болон билетээ дагуулан өгсөн Хөх Монголын дэг ёс сонин , Өмөлзөж харамлах нутаг хэмээх босоо бичигээр бичиглэн чимсэн CD зэргээрээ харуулж , харьд суугаа элэг нэгт Монголчууд бидэнд бахархалтай сайхан байсан билээ.Жавхлан маань тоглолтондоо 3 дээл өмссөн ба тоглолтоос гадуур бас л дээлтэйгээ Солонгосоор хөндлөн гулд явж байсан гэсэн шүү.
Энэ бүх сайхны эцэст муухай монгол зангаа дурдахгүй байхын аргагүй билээ. Бидний монголчууд хөгжихгүй байгаа хамаг буруу маань цаг барьдаггүй зарчимч биш зан маань гэж би боддог. Энэ удаа ч мөн л гавъяатуудын тоглолтууд зарласан цагаасаа даруй 1-2 цаг хоцорч эхэлсэн нь биднийг зорин ирсэн эрхэм дуучидын маань дараа дараагийн үйл ажиллагаанд саадтай байсан билээ.Харин дуучид маань бидэн шиг бүдүүлэг зан гаргалгүй үзэгч олонтойгоо элэгсэг дотно байж зураг хөргөө авахуулан дуу хуураа өргөсөн бөлгөө.
















